Fastenal Co компанийн тухай

АгуулгаFastenal Company (NDX: FAST)  нь аж үйлдвэрийн угсралт, барилгын угсралтанд ашиглагддаг багж, сэлбэг үйлдвэрлэх болон худалдааны компани бөгөөд төв оффис нь АНУ-ын Миннесота мужийн Винона хотод байршдаг. Энэхүү компани нь 1967 оноос хойш бизнес эрхэлж байгаа бөгөөд түгжээ, эрэг шураг, аж ахуйн хэрэглэл, цахилгаан бараа, цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд, аюулгүй байдлын хангамж зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түгээхээс гадна ложистикийн үйлчилгээ болон технологийн шийдлүүдийг хэрэглэгчдэдээ санал болгодог.

Орлогын ихэнх хэсэг нь жижиглэнгийн худалдааны салбараас орж ирэх ба борлуулалтын сувгууд нь “уламжлалт салбар” болон “олон улсын салбар” гэж хуваагддаг байна. Уламжлалт салбар нь АНУ-д тархсан жижиглэнгийн худалдааны төвүүдээс тогтдог бол олон улсын салбар нь ЕХ, Ази, Төв болон Өмнөд Америкт орших нийт 24 улсаас бүрддэг.

1987 онд анх хувьцаагаа олон нийтэд зарлаж, 1,000 нэгж хувьцаа 9,000 ам.доллароор арилжаалагдаж байсан бол 35 жилийн дотор 8 удаа хувьцаагаа хуваасан бөгөөд нийт зах зээлийн үнэлгээ 28.26 тэрбум ам.доллар болсон байна. Энэ хугацаанд хөрөнгө оруулагчдад жил бүрийн 21.9% өгөөжийг олгож байсан бөгөөд уг үзүүлэлт нь NASDAQ-100 индексийн гүйцэтгэлээс ойролцоогоор 6% илүү байгаа бөгөөд Fasternal-г хамгийн өндөр өсөлттэй компаниудын нэг гэдгийн нотолгоо болох юм. Үйлдвэрлэл, түгээлтийн компаниуд уламжлалаар илүү тогтвортой орлого олж, хувьцааны үнэ бага хэлбэлзэлтэйгээрээ алдартай бол Fasternal-ийн өсөлт нь технологийн шинэлэг байдал, өндөр бүтээмжтэй үр ашигтай үйл ажиллагаанаас нь үүдэлтэй юм. Тодруулбал, Fasternal нь үйлдвэрлэлээс гадна борлуулалт болон бизнесийн өдөр тутмын менежментийн хэрэгслүүд ашигладаг ба үүнийгээ Fasternal Managed Investory (FMI) Suite гэдэг.

FMI Suite дотор: 

-Bin Stock (FASTStock, FASTBin): эдгээр хэрэгслүүд нь хэрэглэгчдийн байршилд орших нөөцийг хэлэх бөгөөд технологи дээр суурилсан тасралтгүй нөөцийн менежментийн систем юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдэд байгаа Fasternal-ийн бүтээгдэхүүний нөөц багасах тохиолдолд менежментийн систем нь мэдрэгчээр Fasternal-д мэдэгдэж, шинэ бүтээгдэхүүнүүд нь түгээлтдээ гардаг аж.

-Industrial Vending (FASTVend): нь хэрэглэгчдийн оффис, үйлдвэртэй ойр орших автомат худалдааны машинуудыг хэлнэ.

Fasternal эдгээр хэрэгслээс гадна дижитал ертөнцөд хөл тавьж, программ хангамж ба интернэт суурьтай сувгуудаас мөн орлого олдог байна.

Үүнд:

1.Transactional буюу eCommerce болох интернэт худалдаа.

2.Digital Visibility буюу дижиталаар бараа материалын нөөц хэмжигч платформ болон бусад төрлийн программ хангамж.

3.Analytics буюу хэрэглэгчдэдээ бараа материалын мэдээлэл, зарцуулалт болон худалдан авалтын мэдээлэл, шинжилгээ олгодог программ хангамж.

Санхүү

Fasternal нь 2023 оны аудитлагдаагүй санхүүгийн тайлангаа 2024 оны 1 сарын 18-д танилцуулсан бөгөөд хөрөнгө оруулагчдад таатай мэдээ дуулгалаа. 2023 оны цэвэр борлуулалт 7.3 тэрбум ам.доллар байсан нь 2022 оны 7 тэрбумтай харьцуулбал 5.2% өссөн үзүүлэлт юм. Мөн 2023 оны нэгж хувьцаанд ноогдох ашиг 2.02 ам доллар үзүүлэлт нь өмнө жилийн 1.89-тай харьцуулбал ойролцоогоор 7% өссөн байгаа юм.

Орлогын 60 орчим хувь нь жижиглэнгийн худалдааны дэлгүүрүүдээс орж ирсэн бол үлдсэн орлого нь FMI Suite-эс гаралтай. 2023 онд FMI Suite нь нийт 2,997.8 ам.доллар байсан бөгөөд өмнө жилийн мөн үеэс 16 орчим хувь өссөн. Нийт FMI Suite-ийн орлогын 69 орчим хувь нь FASTBin болон FASTVend-эс гаралтай, үлдсэн хувь нь FASTStock байсан бол өмнө жилээс тус тус 18%, 12% өсжээ.

Дүгнэлт ба цаашдын төлөв

Fastenal компанийн хувьцаа анх зарлагдсанаасаа хойш хөрөнгө оруулагчдад өндөр өсөлтийг өгсөн бөгөөд цаашдаа ч өсөлтийн компани байх төлөвтэй байна. Хувьцааны үнийн өсөлтөөс гадна  Fastenal хувьцаа нь жил бүр ногдол ашиг тарааж, нэмэлт 2.2% өгөөжийг хөрөнгө оруулагчдад олгодог. Үйлдвэрлэлт, түгээлтийн компаниуд нь тогтвортой байдаг бол Fastenal нь тогтвор, өсөлтийг хослуулан жил бүр салбартаа тэргүүлэгч байгаа компани юм.