Компьютер болон гар утасны уураг тархи нь чип байдаг. Apple компани нь iPhone утасны загварууддаа өөрсдийн зохион бүтээсэн чипийг үйлдвэрлэж, ашигладаг бол Андройд программ суурьтай утасны 80% нь Qualcomm-ийн чипийг ашигладаг.
Qualcomm (NDX: QCOM) нь чип болон харилцаа холбооны технологи, бүтээгдэхүүнийг зохион бүтээх чиглэлээр 1985 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа ба шинээр зохион бүтээсэн технологи, патент, технологиудын лицензээс бүрддэг байна. 2007 онд анх зах зээлд танилцуулсан чипүүдийн нэг болох Snapdragon нь TSMC, Samsung, Foundry, GlobalFoundries зэрэг гуравдагч талын чип үйлдвэрлэлийн компаниудаар үйлдвэрлэгдэн Андройд төрлийн утаснуудад суурьшдаг.
Qualcomm нь ухаалаг гар утасны салбарт Apple, MediaTek, Samsung гэх мэт том компаниудтай өрсөлддөг бол утасгүй харилцаа холбооны салбарт Broadcom, Intel, Texas Instruments гэх мэт алдартай компаниудтай өрсөлддөг.
Qualcomm нь үндсэн гурван бизнес сегменттэй бөгөөд QCT болон QTL сегментүүдээр дамжуулан бизнес явуулдаг бол QSI сегмент нь стратегийн хөрөнгө оруулалт хийдэг.
Бизнес сегментүүд:
·QCT: нь 3G/4G/5G дээр суурилсан харилцаа холбооны бүтээгдэхүүн боловсруулдаг. Энэхүү сегмент нь Handsets, Automotive болон IoT (internet of things) гэх 3-н сегментээс бүрддэг. Handsets нь гар утасны чип, Automotive нь машинд суурьших харилцаа холбооны чип болон IoT нь бусад төрлийн программ хангамж болон тоног төхөөрөмжөөс бүрдэнэ.
·QTL: нь Qualcomm-ийн зохион бүтээсэн технологи болон бусад оюуны өмчийг лицэнзжүүлдэг.
·QSI: нь стратегийн хөрөнгө оруулалт хийдэг ба Qualcomm Ventures гэх нэрээр шинэ технологи нэвтрүүлэх зорилгоор ажилдаг.
Qualcomm-ийн хувьцаа 2023 онд 17% өссөн бол нэгж хувьцаанд 3.25 ам.доллар ногдол ашиг тарааж хөрөнгө оруулагчдад ногдол ашгийн өгөөж 2.13%-ийг олгож, нийт 19%-ийн өгөөжийг өгчээ.
2018 оноос 2022 он хүртэл эхний 4 жил хоёр QCOM нь харьцуулсан хоёр индексээс өндөр өгөөжтэй байсан бол 2023 онд NASDAQ-100 индекс 46.7% өссөнөөр нийт гүйцэтгэлээрээ давжээ.
Сонирхолтой баримтууд
Qualcom-ийн төв оффис нь АНУ-ын Сан Диего хотод байршилдаг ба анх 1985 онд гэрээт судалгааны компани болон байгуулагдаж байжээ. “Quality Communications” болох чанартай харилцаа холбоо гэсэн өгүүлбэрийг нэгтгэснээр анх компанийн Qualcomm гэх нэр үүссэн ба анх АНУ-ын цэргийн харилцаа холбооны төслүүд дээр ажиллаж гараагаа эхлүүлсэн компани юм.
АНУ-ын эхэн үеийн гар утасны үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чип хамгийн том үүрэг гүйцэтгэсэн. Ихэнх түгээгчид 2G сүлжээнд Qualcomm-ийн боловсруулсан CDMA стандартыг хэрэгжүүлсэн. Мөн тус компани Энэтхэг, Латин Америк, Канад, Орос, Хятад зэрэг олон улсын зах зээлд түгээгчдэд CDMA технологийг нийлүүлэхэд нь тусалсан бөгөөд үүний зэрэгцээ Nokia, Sony, Motorola болон бусад гар утас үйлдвэрлэгчдэд патент, технологийг лиценз олгож байжээ.
Сүүлийн арван жилийн хугацаанд Qualcomm нь утсанд ашигладаг чипээс гадна виртуал ертөнц гэх мэт шинээр гарч ирж буй хэрэглээнд чиглэсэн чипийг боловсруулж эхэлсэн. Жишээлбэл, Snapdragon XR2 чип нь бидний мэдэх Мета компанийн алдартай Quest 2 болон Quest Pro виртуал ертөнцийн бүтээгдэхүүнүүдийг ажиллуулдаг байна. Мөн хиймэл оюун ухаан болон machine learning технологиудад зориулагдсан сүүлийн үеийн технологид түгээмэл ашигладаг Tensor Accelerator чипийг зохион бүтээсэн компани юм.
Qualcomm-ийг 1985 онд Массачусетсийн Технологийн Институтын (MIT) төгсөгчид болох Irwin Jacobs, Andrew Viterbi нар үүсгэн байгуулсан. Харин 2000 оноос хойш сургуулиудад судалгааны чиглэлээр хандив өгч, Калифорний мужийн UC San Diego их сургууль Qualcomm Institute (QI) болох төрөл бүрийн технологи, шинжлэх ухааны судалгаа явуулдаг институт бие болж, олон төрлийн шинэ шинжлэх ухааны нээлтийг хийжээ.
Санхүү
Qualcomm-ийн орлого 2023 онд 35.8 тэрбум ам.доллар байсан ба 2022 оны орлого болох 44.2 тэрбумтай харьцуулахад 19%-иар буурсан байна. Мөн цэвэр ашиг 2023 онд 7.2 тэрбум ам.доллар байж 2022 оны цэвэр ашиг болох 12.9 тэрбумтай харьцуулахад 44%-иар буурчээ.
2023 оны 35.8 тэрбум ам.долларын орлогын 16% буюу 5.8 тэрбум нь лицензийн орлого байсан бол бусад 30 тэрбум нь тоног төхөөрөмж, үйлчилгээний худалдаа байсан. Мөн 2022 онд 44.2 тэрбум ам.долларын орлогын 19% буюу 7 тэрбум нь лицензээс гаралтай байсан бол үлдсэн 37.2 тэрбум нь тоног төхөөрөмж, үйлчилгээний худалдаа байжээ. Орлого 2023 онд буурсантай холбоотойгоор зардал нь дагаж буурсан бол бохир ашгийн маржин 58%-иас 56% болтлоо буурсан байна. Мөн Qualcomm нь судалгаа, хөгжилд мөнгө их зарцуулдаг ба 2023 онд орлогын 25% болох 8.8 тэрбум ам.долларыг зарцуулжээ.
QCT сегментийн орлого Handsets, Automotive болон IoT (internet of things) гэж хуваагдах ба 2023 онд тус тус 22.6, 1.9, 5.9 тэрбум ам.доллар орлоготой байсан. Handsets болон IoT-ийн орлогууд нь 2022 онтой харьцуулбал тус тус 21.7%, 19.2%-иар буурсан бол Automotive-ийн орлого нь 24% өсжээ. QTL сегментийн орлого 2023 онд 5.3 тэрбум ам.доллар байсан нь 2022 оны 6.4 тэрбумтай харьцуулбал 16.5%-иар буурчээ. Мөн QSI сегментийн орлого 28 сая ам.доллар байсан нь 2022 оны 31 саятай харьцуулбал 9.7%-иар буурсан.
Handsets төрлийн борлуулалтын орлого буурсан гол шалтгаан нь макро эдийн засаг болон БНХАУ, АНУ нарын явуулсан геополитикийн зөрчилдөөнөөс борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ буурчээ. Гэвч 2023 оны 04 дүгээр улирлын борлуулалт, ашиг шинжээчдийн хүлээлтийг давж Automotive болон IoT (internet of things) өсөхөөр байна. Ухаалаг утанс 5G сүлжээ АI өсөлтөнд компанийн стратеги төвлөрч байна.
Харин QTL сегментийн борлуулалт буурсан шалтгаан нь 3,4,5G төрлийн технологийн эрэлт болон Nokia компанитай хийсэн удаан хугацааны лицензийн гэрээнээс алдагдал хүлээснээс үүдэлтэй юм.
Qualcomm-ийн тайлангийн хурлаар санхүү хариуцсан захирал Akash Palkhiwala QCT сегментийнхээ орлогыг 3 жилийн турш дунджаар 15% өснө гэж таамагласан бол Automotive-ос гаралтай орлогыг 5 жилийн дотор 3.5 тэрбум ам.доллар болж, 10 жилийн дотор 8 тэрбум болно гэсэн бол QTL сегментийнхээ лицензийн орлогыг өөрчлөгдөхгүй гэжээ.
Qualcomm нь 2021 оны 10-р сард 10 тэрбум үнэлгээ бүхий хувьцаа халааслах хөтөлбөр баталж, хэрэгжүүлж эхэлсэн. 2023 оны 10-р сарын байдлаар хөтөлбөрийн 4.9 тэрбум ам.доллар хэрэгжиж 5.1 тэрбум нь үлдсэн байна.
Дүгнэлт, цаашдын төлөв
Технологи нь жил бүр өөрчлөгдөж, хувьсаж байдаг. Өдөр бүр шинэ хиймэл оюун ухааны загвар гарж, шаардах хүчин чадлыг олгох чип нь зогсолтгүй хөгжиж байдаг. Иймээс өрсөлдөөн маш өндөр зах зээлд ажилaж буй Qualcomm болон бусад технологийн компаниудын амжилттай зохион бүтээх шинэ технологи дээр суурилах тул байнгын хурдацтай ажиллах шаардлагатай юм.
Qualcomm компани нь цаашдаа гар утас болон авто машинд суурилсан чипийг өргөжүүлж, шинэ хиймэл оюун ухааны чадамжтай чип болон сүүлийг үед өргөжиж байгаа 5G харилцаа холбооны технологидоо илүү төвлөрсөн бизнесийнхээ цар хүрээг тэлэх зорилготой байгаа юм. Тус компани Apple (NASDAQ:AAPL) компанитай ойрын жилүүдэд худалдаанд гаргах ухаалаг утас-нд Snapdragon 5G модем-RF системийг нийлүүлэх гэрээ байгуулснаар томоохон алхамуудыг хийж байна.